ESPN-д өгсөн ярилцлагыг нь хүргэж байна.
Түүхэн дэхь хамгийн шилдэг довтлогчдын нэг болох Раул Гонзалес кареерынхаа дараагийн алхмыг хийхээр Нью-Иоркийг зориод байгаа билээ. Саяхныг болтол Ла лигийн өдгөө тоглож буй шилдэг мэргэн бууч болон Аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн бууч алдрыг хадгалж явсан энэ эрхэмтэй Роналдо-Месси, Пеле-Марадона болон Испанийн шигшээ баг, мөн түүнчлэн Нью-Иорк Космосын талаар санал бодлыг нь хуваалцлаа.Ярилцлага Испаниар хийгдсэн бөгөөд Англи хэл рүү хөрвүүлэхдээ ойлгомжтой болгохын тулд засвар хийснийг нь Монгол руу хөрвүүлэхдээ мөн засвар хийсэн болно.
Реал Мадридын Галактико эриний хамгийн шилдэг үе нь 2000 байсан уу?Галактико гэдэг үгийг анх хэрхэн хэрэглэх болсныг эхлээд яръя. Хамгийн эхлээд 2000 онд Фигу ирсэн. 2001 онд, Зидан ирээд тэр жилдээ бид Аваргуудын лигт түрүүлж байсан. Дараа нь 2003 онд Бекхэм, түүнтэй залгаад Роналдо ирж байлаа. Бүхнийг нэг бүрчлэн санахгүй байгаа ч гэлээ тэр 2-ыг ирсний дараагаар л... эсвэл Роналдог ирэхийн өмнөхөн л хүмүүс жинхнээсээ ярьцгааж эхэлсэн дээ. Бид тэр бүрэлдэхүүнээрээ нэг ч Аваргуудын лигт түрүүлж чадаагүй. Флорентино энэ цаг үеийг онцгой болгох талаар үнэхээр сайн ажилласан учраас л хүмүүс үүнийг тод санадаг.
Юу хэлэх гээд байна вэ гэхээр, энэ үе үнэхээр онцгой байсаан. Мэргэжлийн тамирчны хувьд эдгээр тоглогчидтой хамт талбайд гарах үнэхээр гайхамшигтай байсан. Гэхдээ бид олон цомын эзэн болж чадаагүй л дээ. Бекхэм л гэхэд Реалаас явахынхнаа өмнөх жилд л нэг удаа Ла лигт түрүүлж байлаа. Дөнгөж ганц удаа! Тэр жил Капелло түүнд хойшид үргэлжлүүлэн тоглох боломжгүй гэдгийг нь хэлж байсан юм. Харин Бекхэм тэр улиралдаа тоглоод, Ла лигийн цом өргөсөн, үнэхээр баатарлаг явдал шүү. Энэ бүхэн 2007 онд болж өнгөрсөн.
2007 он
Тэр үеийн Реал Мадридыг саяхан 22 дарааллан ялалт байгуулсан өнөөгийн багтай харьцуулбал?Одоогийн баг үнэхээр гайхалтай сайн тоглож байгаа нь гарцаагүй үнэн. Гэхдээ би харьцуулалт хийгээд байх дуртай биш. Баг бүр, хором мөч бүр өөр өөр байдаг. Тийм ч учраас хэрвээ дүгнэлт гаргах бол улирлын төгсгөлд л гаргах хэрэгтэй гэж би бодож байна. Өнгөрсөн улиралд л гэхэд баг улирлыг маш тогтворгүй эхлүүлсэн. Тэр үед хэн ч Реал 10 дахь цомоо хүртэнэ гэж мөрий тавихааргүй байсан. Гэхдээ баг сүүлийн шатнуудад сайн тоглож эхэлсэн нь ялалтын гол хүчин зүйл байсан. Гэхдээ мэдээжийн хэрэг, Ла Десимаг авсны дараагаар баг илүү өөрсөддөө итгэлтэй болж, юуны төлөө тоглож байгаагаа ухамсарлах болсноор илүү сайн тоглож эхэлсэн.
Кристиано Роналдотой хамт ердөө ганц улирал тоглосон. Түүний талаар?Бие бялдрын хувьд түүн шиг, мөн өдөр бүр бэлтгэл хийхийн хүслэн болж байдаг тоглогчтой өмнө нь таарч байсангүй. Тэр үргэлж л хамгийн эрт ирдэг, амжилт гаргах хүсэл шуналаар дүүрэн байдаг байсан. Манчестер Юнайтедаас ирэхдээ л тэр их онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Англид маш сайн тоглож байсан ч гэлээ би түүнийг кареерынхаа хамгийн шилдэг мөчүүдийг Мадридад өнгөрөөж байгаа гэж боддог.
Тоглолт бүрт тэр оруулж буй гоолуудаараа, тогтвортой тоглолтоороо, ер нь юм бүхнээрээ бид бүхнийг гайхшруулдаг. Тэр энэ хэвээрээ үргэлжлүүлбэл бүх л рекордыг эвдэх нь тодорхой байх. Хэдийгээр өмнө нь хэлсэнчлэн хэн нэг тоглогчийн талаар бүрэлдэхүүнд багтахаа байсны дараа л дүгнэх нь зөв байдаг ч гэлээ, тэр бол түүхэн дэх хамгийн шилдэг хөлбөмбөгчин мөнөөсөө мөн. Зарим хүмүүс, хамгийн шилдэг, 2 дахь шилдэг гэх мэт эрэмблэхийг илүүд үздэг л дээ. Гэхдээ л тэр түүхэнд тодорсон шилдэг хөлбөмбөгчдөөс дээгүүр ангилагдах нь гарцаагүй юм.
Роналдо, эсвэл Месси? Хэнийг нь сонгох вэ?Хоёуланг нь сонгоно.
Тэднийг Диего Марадона, Пеле нартай ижил түвшнийх гэж хэлж болох уу?Тэднийг ямар түвшинд хүрэх ёстой вэ, түүнд хүрэхийн тулд юу хийх вэ гэдгийг шийдэх хэрэгтэй. Би Пеле, Марадонагийн түвшин хүрэх ёстой гэж үзэж байхад, бусад хүн Круйфф, бас зарим нь Зиданы түвшинд хүрэх ёстой гэж үзэх жишээтэй. Би Роналдо, Месси нарыг эдгээр тоглогчидтой мөр зэрэгцэж чадах нь эргэлзээгүй гэж бодож байна. Хүмүүс ингэхийн тулд ДАШТ-д түрүүлэх хэрэгтэй гэдэг, зарим нь санал нийлдэггүй. Миний бодлоор бол, тэдний одоогийн үзүүлж буй тоглолт, Реал Мадрид, Барселона зэрэг багт хэрхэн тоглож байгаа зэрэг нь хөлбөмбөгийн түүхэнд өмнө нь тохиолдож байгаагүй зүйл.
Та ДАШТ-д түрүүлж чадаагүйдээ харамсдаг уу? Ялангуяа таныг шигшээ багаасаа зодог тайлсны дараагаар тэд түрүүлмэгц?Би 2008 оны Европын аварга болсон багт 2006 онд тоглож байсан. Тэр бүхнийг үзэж чадаагүй нь харамсалтай байдаг. Энэ бүхэн Луйс Арагонесын шийдвэр байсан. Тиймээс би дасгалжуулагчийн шийдвэрийг хүндэлж байна. Энэ бүх он жилүүдийн дараа ч би өөрийгөө тэнд байгаагаар төсөөлөн боддог. Энэ бол хөлбөмбөгийн, амьдралын л нэг хэсэг. Европ, дэлхийн аварга болж, бүх Испаниучуудын бахархал болсон ялалтуудад хамт байж чадаагүй ч гэлээ би тэрнээс өмнө өөрийн чадах бүхнээ зориулж байсандаа харин баяртай явдаг.
Түүхийн нэгэн цаг үед бүх дэлхий Испанийг л харж, үлгэрлэн дагадаг байсан. Бразилд болсон ДАШТ-д Герман түрүүлсэн, тэд одоо ч нөхөрсөг тоглолтуудад сайн тоглолтоо харуулсаар байна. Испанийн хувьд, амжилт гаргах хүслээр дүүрэн авъяаслаг залуу бүрэлдэхүүнээр шинэчлэгдсэн болохоор цомын төлөө өрсөлдсөөр байна гэж бодож байна.
Нью-Иорк ямархуу байна даа?Хамгийн шилдэг нь биш юмаа гэхэд хамгийн шилдэг хотуудын нэг. Спорт, соёл, боловсрол, гэр ахуй гээд л бүх л түвшинд бүх зүйл бий. АНУ-ын түүхэнд анх удаа хөлбөмбөгийг авчирагсдын нэг болох Космостой холбоотой болох завшаан гарч байна. Клубтэй, төсөлтэй холбоотой ажиллаж буй хүмүүсийн үр нөлөөгөөр хөлбөмбөг хөгжиж буй цаг үе таарч байна. Энд тоглосноороо би энэ гайхалтай төслийн нэг хэсэг болох юм.
Би үргэлж үргэлжлүүлэн тоглохыг, илүү ихийг зориулахыг, цаашлаад хөлбөмбөгийн байгууллагууд, академид өөрийн туршлагаасаа хуваалцахыг эрмэлзэж байна. Хүүхдүүдтэй ажиллаж, тэднийг өсөн дэвжихийг харж, тэдэнд тусална гэдэг сайхан зүйл. Би акаемид зөвлөгч хийнэ. Би туршлагаа хуваалцаж, хүүхдүүдтэй хамт байж, тэднийг дасгалжуулна. Алсдаа энэ нь академийн бүтцийг тодорхойлоход чухал юм. Шинэ орчинтой танилцаж, энд өсөн хөгжих боломжтой талбар хаана байна вэ гэдгийг мэдэхийн тулд надад хугацаа хэрэгтэй.
Та Реал Мадридын залуучуудын академид байсан шүү дээ...Германд ийм зүйл харьцангуй бага байсан. Харин Катарт тоглож байхдаа тоглохын хажуугаар Aspire академитай ажилладаг байсан. Маш үр өгөөжтэй 2 жил байсан, өөр орчинд, өөр дасгалжуулагчийн арга барилаар хөлбөмбөг тоглохыг харж, их зүйл сурч авсан. Энд ч ялгаагүй бид тийм л зүйлийг бий болгохыг зорьж байгаа. Соёлын хувьд бага зэргийн ялгаа бий, гэхдээ бүгд хамтраад үүнийг хийж чадна. Баг гэдэг яг л гэр бүл шиг, бид өөр өөрсдийн чаддаг зүйлээ нийлүүлэн багаа урагш хөтөлнө. Хүмүүс биднийг үзэхдээ баяртай байх болно.
Гол зорилго MLS-д орох явдал уу?Миний хувьд MLS ямар ч хамаагүй. Надад энэ баг, энэ багийн түүх болоод ирээдүйн төлөвлөгөө нь таалагдаж байгаа. АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй ямар байхыг, мөн хамгийн чухал нь Космос баг хаана хүрч чадахыг зөвхөн цаг хугацаа л харуулах биз ээ. Өөр лиг рүү явж болох юм. Эсвэл эндээ үлдэж ч болно. Эндхийн лиг цаг тутам томорч өргөжсөөр байна. Энэ нь зөв замаар явж байгааг илтгэж байгаа байх. Өмнө нь тийм биш байсан байх л даа. Зөвхөн ганц жилийн дотор 2 ч баг лигт элсэн орлоо.
Та MLS-ын шинэ клуб Нью-Иорк Сити-д тоглох гэж байгаа Давид Виллатай ярилцсан уу?Түүнийг энд байгааг мэднэ, гэхдээ бид хараахан холбоо барьж амжаагүй л явна. Удахгүй уулзалдана гэж найдаж байгаа. Тэр сайн залуу, энд байх нь ч түүнд гайхалтай туршлага болох байх. Нью-Иорк Сити бол тэмцээнд өрсөлдөж, ялалт байгуулахын тулд байгуулагдсан баг. Испанид тэр олон амжилтанд хүрсэн, энд ч сайн тоглолт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Таныг Нью-Иоркийн гудамжинд хүмүүс таньж байна уу?Энд маш тайван, амгалан байна. Олны танил хүн биш юм шиг байгаа нь, мөн энэ байдлаа давуу тал болгож болж байгаа нь таатай байна. Ийм зүйлийг Германд болон Катарт бас үзсэний хувьд би их азтай. Үүнд би их баяртай байгаа, учир нь тоглолт, гэр бүл гэх мэт зүйлүүдэд төвлөрөх боломж олгодог. Гэхдээ энд ч мөн Европын хөлбөмбөгийг сонирхон үздэг олон хүн байдаг.
Пеле, Франц Бекенбауэр нарын тоглож байсан Космос клубын юу нь таныг тэгтлээ татаваа?Бид үзүүштэй хөлбөмбөг тоглохыг эрхэмлэх болно. Бид хүмүүсийн анхаарлыг татаж, үзэгчдийн дунд нэр хүндтэй болохыг хүсэж байна. Клубын түүх бол түүх хэвээрээ байсаар л байна, харин одоо баг түүхэндээ нэгэн шинэ хуудас нээж байна. Бид хойшоо эргэж явахыг, өнгөрсөндөө очихыг хүсэхгүй байна. Бидний хүсэж байгаа зүйл бол хүмүүсийг эргээд бидний тоглолтыг үзэж, баясдаг болгох явдал. Бид бага багаар сайжирч Америктаа, цаашлаад олон улсад танигдахыг зорьж байна. Түүх өөрөөр бичигдэх болно, өнгөрсөнд болсон зүйл өнгөрсөндөө л үлдэнэ.