За та бүхэндээ ээлжит бэлгээ задалж байна
(таван цагирагдах) Ууг нь анх ирсэн өдөр нь оруулчий гэж бодоод байсан юм ...алгуурласаар байгаад жоохон удчлаа бас залхуу нилээн нөлөөлсөн .... кк
чадан ядан бичсэн нийтлэлийг минь таалан сонирхну
”Ибракадабра” Златан ИбрагимовичИспаний Ла лиг яг одоогоор дэлхийн хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байна. Флорентино Перезээр удирдуулсан Реал Мадрид дэлхийн хамгийн өндөр үнэтэй шилдэг тоглогчдыг өөрийн эгнээнд нэгтгэж байгаа бол тэдний заналт дайсан Каталоны нэр төр гэгддэг Барселончууд ч зүгээр суусангүй. Шведийн супер од Златан Ибрагимовочоор хүчээ нэгтгэжээ. Ноу Камп цэнгэлдэхэд 60.000 үзэгчийг цуглуулж, өөрийгөө танилцуyлсан Швед эр , ирэх улиралын Пепийн багийн гол хүч байх болно гэдэгт эргэлзэх хүн нэгээхэн ч үгүй бизээ. Ингээд Ибкадабра буюу Златан Ибрагимовичийн амьдрал, амжилтанд хүрсэн түүхтэй танилцацгаая. Энд түүний Шведийн Мальмо хотын гудманд бөмбөг өшиглөн гүйж явсан бяцхан жаалаас хэрхэн дэлхийн хамгийн шилдэг клубт ирсэн 27 жилийн амьдралын намтар багтсан болой.
Бага насЗлатаны хүүхэд нас Шведийн өмнөд хэсэгт байрладаг Мальмо хотод өнгөрчээ. Тэдний амьдардаг байсан Росенгерд хэмээх дүүрэгт ихэнхдээ энд тэндэхийн цагаачид амьдардаг байсан бөгөөд Златаны гэр бүл ч энэ ангилалд багтдаг билээ. Аав Сефак нь анх Боснигоос цагаачлан Шведэд ирсэн бол ээж Юрка нь Хорват гаралтай нэгэн байсан гэдэг. Бага насныхаа тухай Златан ийн өгүүлж байна
”Манай дүүрэгт амьдардаг айлуудын бараг 90 орчим хувь нь цагаачдаас бүрддэг байлаа. Заримдаа надад тэнд амьдрах нь аймшигтай санагддаг байсан. Эргэн тойрон гэмт хэрэгтнүүд, хулгай дээрэм гээд л аймшигтай зүйлс маш их гардаг байсан болохоор тэр байх л даа”
”Манайх чинь их өнөр өтгөн айл шүү дээ. Би дээрээ гурван эгчтэй, бас хоёр дүүтэй. Манайхан өөрсдөдөө олдсон бүх юмаа л хувааж хэрэглэдэг байсан. Ер нь их эвсэг гэр бүл байсан шүү. Харин хэлний тал дээр л бага зэрэг асуудал тулгарна даа. (инээв) Найз нөхөд сургууль дээрээ Шведээр яриад, гэртээ болохоор Югославиор ярина. Нэг удаа багш маань надаас чиний ярьж байгаа аялага чинь их сонин юм, чи яг ямар хэлээр яриад байна аа гэж асуухад нь,<<би өөрөө ч ямар хэлээр ярьж байгаагаа мэдэхгүй юм>> гэж билээ”
Бяцхан Златаныг 5 настай байхад нь бэлэглэсэн хөлбөмбөгийн пүүз ирээдүйнх нь амьдралын замыг заасан гэдэг. Энэ бэлгийг авснаасаа хойш Ибрагимович ихэнхи цагийг гудманд бөмбөг өгшиглөн өнгөрүүлэх болжээ. Зүгээр ч нэг тоглох бус элдэв янзын техник үзүүлж, бусдыгаа алмайруулдаг байлаа.
”Манай дүүрэгт нэг жижигхэн хөлбөмбөгийн талбай байсан юм. Хичээл тарсны дараа би найзуудтайгаа ихэнхи цагийг тэнд өнгөрөөдөг байлаа. Хэн нь бусдаасаа гоё техник үзүүлэх вэ гээд л бөмбөгөөр элдэв янзын үзүүлбэр үзүүлж өгнө шүү дээ. Өдөр болгон би шинэ хөдөлгөөн сурч , бусдаасаа илүү гарах гэж мэрийдэг байлаа. Гэхдээ ингэснээрээ хөлбөмбөг сайн тоглодог болно гэсэн үг биш гэдгийг би сүүлд ойлгосон”Орон нутгийн Мальмо клубын хүүхдийн багт Златаны ур чадвар улам сайжирч байв. Үеийнхэн дундаа бөмбөг эзэмших чадвар , талбайг мэдрэх чадвар зэргээрээ илт ялгарах болсон түүнийг ирээдүйд шилдэг тоглогч болно гэдэгт эргэлзэх хүн цөөхөн байсан гэдэг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам түүнд цаашид хөлбөмбөгөөр хичээллэсээр байх уу, эсвэл эрдэм номын мөр хөөх үү гэдэг асуудал тулгарч ирлээ. Гэр бүлийнхэн нь хүүгээ сургуульдаа үргэлжлүүлэн сурахыг зөвлөсөн ч, Златан өөрийн амьдралаа альхэдийнэ сонгосон байжээ . Түүнийг ийм шийдвэр гаргахад багш дасгалжуулагчид нь чамгүй нөлөө үзүүлсэн гэдэг.
Мэргэжлийн карьер1999 оны намар 18 настай Златан хэмээх нэгэн нуруулаг хүү Мальмогийн үндсэн бүрэлдэхүүнд багтан анхны тоглолтдоо оролцжээ. Тэрхүү улиралдаа Ибра ердөө зургаахан тоглолтонд оролцсон ч ямар ч байсан анхныхаа гоолыг оруулж дөнгөсөн гэдэг. Гэвч дэлхий нийтэд өөрийгөө таниулахад ганц гоол хангалттай бус байх нь ойлгомжтой. Дээрээс нь баг нь лигийн сүүлийн байранд орж Супереттан буюу доод лиг рүү унаснаар нэг жилийг ”дэмий” өнгөрөөх хэрэгтэй болох нь тэр. Энэ үед залуу авьяастнуудыг таньж, од болгодгоороо алдартай Франц мэргэжилтэн Арсен Венгер, Ибрагимовичтой уулзаж багтаа орохыг урьсан ч, татгалзсан хариу авсан байна. Хэрвээ тэр үед Мальмо клубын удирдлага зөвшөөрсөн бол Ибрагийн карьерын түүх огт өөрөөр бичигдэх байсан нь дамжиггүй. Доод лигт өнгөрүүлсэн нэг улиралдаа Златан чамгүй туршлага сууж, 20 гаран тоглолтонд оролцсон төдийгүй 12 гоол оруулаад амжжээ. Түүний энэ амжилттай тоглолтын нөлөөгөөр үү, ямар ч байсан Мальмо ирэх улиралаас нь дээд лигтээ эргэн ирсэн бөгөөд харамсалтай нь хоёр жилийн өмнөх явдал давтагдаж Ибра дахиад л сэлгээнд сууx болжээ. Яг энэ хүнд үед нь Аяксын спорт эрхэлсэн захирал Лео Бенхаккер түүнтэй уулзаж санал тавьсаныг ч хэлэх үү, мань эр ч уухайн тас зөвшөөрч 2001 оны 3 сард алс холын Голланд орныг зорин нисжээ. 20 настай залуу довтлогчын төлөө 7.8 сая еврог цацсан нь тухайн үед дэндүү өндөр байна хэмээн зарим мэргэжилтнүүд шүүмжилж байсан ч гурван жилийн дараа энэ мөнгө хоёр дахин өснө гэдгийг тэр үед хэн ч мэдээгүй бизээ.
“Бүх л залуусын адил Аякст дасан зохицоход анх түүнд хэцүү л байсан байх. Гэхдээ Златан ямар ч хүнд нөхцөлд шилдэг тоглолтыг үзүүлж чаддаг юм. Тийм ч учраас би түүнийг сонгож, багтаа авчирсан юм шүү дээ” Лео БенхаккерТухайн үед Аяксыг удирдаж байсан Ко Адриансе хэмээх эрхэм Ибрад төдийлэн итгэдэггүй байсан ч, Роналд Куман түүний халааг авсаны дарaа бүх зүйл ”ном журмандаа” орсон гэж хэлж болно. Анх ирсэн улиралдаа л Златан лигийн 24 тоглолтонд оролцож 6 гоол оруулсан бөгөөд үүн дээр цом болон европын тэмцээний тоглолтуудыг нь нэмэх юм бол 30 гараад явна. Чухам эндээс Ибрагийн Аякс дахь ялалт амжилтын буухиа эхэлсэн бөгөөд Кристиан Киву, Ван дер Ваарт, Мидо, Литманен зэрэг шилдэг тоглогчдын хамтаар европын шилдэгүүдийг айлгаж байлаа. Ибрагийн ”Жүд”-үүдтэй хамт өнгөрөөсөн үеийг дурсахад нэг гоолыг заавал дурдах ёстой болдог юм. 2004 оны 8 сарын 22-нд НАС Бреда багийн эсрэг хийсэн тэрхүү гоол нь хожим Eurosport сувгийн оны шилдэгээр хүртэл тодроод амжсан гэж байгаа.
Дурсан саная :
Айлын 16-н ойролцоо бөмбөг хүлээн авсан Ибра, өмнөө байгаа 5 хамгаалагчыг анзаараагүй мэт шууд дайран орлоо. Ямар нэгэн гоёмсог хууралт бус ердөө л энгийн хөдөлгөөнөөр өмнөө байгаа хамгаалагчдыг хөнгөхөн хуурах түүнийг яаж ийм тайван тоглож байгаад байгааг үзэгчид гайхан харна. Энэ хооронд Ибра альхэдийнэ 5 хамгаалагчыг хаалгачтай нь хуураад гоолын баяраа тэмдэглэн гүйх ажээ… түүн дээр багийнх нь андууд ирж баяр хүргэн байна …Энэхүү тоглолтоос хэд хоногийн өмнө болсон Швед-Голландын тоглолтын үеэр Ибра багийн анд Ван дер Ваартыг бэртээж орхисон байлаа. Үүнээс болж Ирбаг өөрөө Голландаас явах хаалгаа нээсэн гэж зарим хүмүүс үздэг. 2004 оны 8 сарын 31-ны өдөр Златан 16 сая еврогоор Туриний Ювентус клубын эгнээнд шилжсэн юм.
ИталидЗлатаныг “Хуучин ноёд”-ын бүрэлдэхүүнд багтан хөлөө олоход нь Трезегегийн бэртэл гэмтэл нилээдгүй ”тус” болсон юм. Түүнийг ирсэний дараахан Франц эр бэртэл авсан бөгөөд энэ нь Златанд гараанд гарах боломжыг олгосон ажээ. Туринд өнгөрүүлсэн эхний улиралдаа Ибра 45 тоглолтонд 16 гоол оруулсан байдаг. Харамсалтай Аваргууудын лигийн 10 тоглолтонд ганц ч гоол оруулаагүй нь түүнийг чухал тоглолтын одгүй хэмээн “өргөмжлүүлэхэд” хүрсэн билээ. Улиралын дундуур Реал, Ибрагийн төлөө 70 сая фунт санал болгосон тухай мэдээ цацагдаж шуугиан тарьсныг та бүхэн санаж байгаа байх. Хожим Швед эрийн агент Мино Райоло үүнийг тоглогчын үнийг хөөрөгдөх гэсэн ”рекламны пауз” байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.
“Хүмүүс намайг Ван Бастентэй их харьцуулдаг юм. Фабио Капелло үргэлж л <<Чи түүний тоглолтоос маш их зүйлийг сурч авна. Тэр яг л чам шиг стильтэй арга барилтай байсан. 16-гийн дотор чи яг л Марко шиг мэдрэмж гаргадаг байх хэрэгтэй >> гээд л Ван Бастений баахан бичлэг орхиод явчихдаг байж билээ. Марко бол үнэхээр гайхалтай тоглогч. Үнэнийг хэлэхэд би яаж ч хичээсэн түүн шиг сэтгэж чадахгүй юм билээ…”Шведийн 2005 оны шилдэгээр тодорсныхоо дараа дээрхи үнийг Ибрагийн төлөө ямар нэгэн баг цацахад гайхах явдалгүй гэдгийг хөлбөмбөг сонирхогчид ойлгож эхэлсэн нь дамжиггүй. Гэвч ирэх улиралд нь өрнөсөн италийн хөлбөмбөгийг хахуулийн асуудал Ибраг дахиад л багаа солиход хүргэсэн юм.
2005-06 оны улиралд Златан байрлалаа бага зэрэг өөрчилж гоол оруулахаасаа илүү дамжуулалт хаяж багийн тоглолтыгг түлхүү эргэмлэж байлаа. Гэхдээ 46 тоглолт 10 гоол гэдэг дэлхийн хэмжээний довтлогчын хувьд чамлалттай санагдах нь тодорхой.
Интерт2006 оны дэлхийн аваргын дараа италийн хөлбөмбөгийн холбооноос хээл хахуулийн асуудалд орооцолдсон багуудыг албан ёсоор шийтгэсэн бөгөөд хамгийн хүнд нь Ювентус дээр буужээ. Хуучин ноёд өнгөрсөн улиралын Скудеттогоо хураалгаад зогсохгүй, Сери Б-д унаж, шинэ улиралыг -9 оноотойгоор эхлүүлэх болсон юм. Энэ гэнэтийн шийдвэр солилцоо наймааны томоохон шуургыг дэгдээж, Ювентусын олон тоглогчид багаа орхисны дотор манай гол баатар ч багтаж байлаа. ‘‘Нэр цэвэр” үлдсэн цөөхөн багуудын нэг болох Интер Милан клуб түүнийг 24.8 сая еврогоор өөрийн болгосон төдийгүй багийнх нь анд Патрик Виераг ч давхар урвуулаад амжжээ. Нерразуррид ирснээp Ибра өөрийн хүсэж мөрөөдөж байсан бүх зүйлээ авсан. Энэхүү гурван жилийн хугацаанд тэр нийт 116 тоглолтонд оролцохдоо 66 гоол оруулсан амжилтыг үзүүлжээ. Ялангуяа өнгөрсөн 2008-2009 оны улиралд “Швед эр” онцгой азтай байсан гэдгийг дурдах нь илүүц биз. Лигийн мэргэн буучдын жагсаалтыг 25 гоолтойгоор тэргүүлж Капоканоньере (Сери А-гийн мэргэн бууч ) болсон төдийгүй , Сери А-гийн түүхэнд бичигдэх хэд хэдэн гоёмсог гоол оруулж, Италийн Оскарын шагнал гардуулах ёслолоос бараг бүх шагналыг нь тэр хамсан гэхэд болно.
Мөн 3 дахь жилээ дараалан Италийн аваргаа учир Ибрад энэ амьдралаасаа уйдах шалтгаан даан ч байсангүй.
“Хэрвээ ямар нэгэн алдаа гаргалаа гэж бодоход өөрийгөө зүхээд суух биш , тэрнээсээ суралцах хэрэгтэй гэж боддог.
[i]Нэг багийн 11 тоглогч бүгдээрээ ижилхэн ур чадвартай байна гэж байхгүй шүү дээ, бүгд л өөр өөрийн үүрэгтэй. Чи өөрийн үүргээ л сайн биелүүлж байх нь хамгийн гол нь. Тэрнээс ийш тийшээ савсаганах хэрэггүй л байхгүй юу.[/i]
“Италийн хамгаалагчид намайг тохойгоо ашиглаж сурахад хүргэсэн. Тэд намайг зогсоохын тулд ямар ч хамаагүй арга ашигладаг юм. Чи ямар ч сайн техниктэй байсан тэд өрсөөд л чамайг зогсоох аргаа хэдийнэ бодчихсон байдаг юм…”Гэхдээ хүлээгээрэй, Интер дэх түүний карьерийг өөлж болох ганц шалтгааныг энд дурьдахаа мартаж. Златаны санааг үргэлж зовоодог тэр тэмцээн бол Аваргуудын лиг. Том тоглолтын одгүй гэж үргэлж гоочлуулдаг Ибрад багаа Аваргуудын лигийн шигшээд аваачих авьяс, ур чадвар хангалттай бий ч, аз ивээдэггүй юм уу эсвэл өөр шалтгаан байн уу ямар ч байсан Интерт өнгөрүүлсэн 3 жилийн хугацаандаа шөвгийн 16-гаас цааш хэтэрч байсангүй ээ.
БарсадЭнэ бүхний эцэст Ибрагийн Барсад ирсэн хүслийг ойлгож болох л юм. Тэр өөрийгөө амбицтай хүн гэж нэгэнтээ хэлж байсан нь ч шууд утгаараа Барсагийн хамт илүү их ялалт амжилтанд хүрэхээр тэмүүлж буйг нь өгүүлнэ. Эцэст нь түүний шилжилтийн нарийн ширийн зүйлсээс сонирхуулахад Барса түүний төлөө 46 сая фунт төлсөнөөс гадна Самуель Это’о болон Александр Хлебийг цуг явуулсан. Это’огийн наймааны зах дээрхи үнэ нь 20 сая евро тул нийт 66 саяыг Интер халаалсан гэсэн үг . Тэгээд Хлебийн Штутгартад орсоны нөхөн төлбөр 3 саяыг нэмэх юм бол 69 сая евро болж байна. (99 сая доллар)
Каталоны багт Ибра 5 жилийн урт хугацааны гэрээ байгуулж, жилийн 12 сая еврогийн цалин авна. Ноу Кампад болсон түүний танилцуулах ёслол дээр 60.000 күлэ цугласан нь клубын хувьд дээд амжилт болсон байна.
Шигшээ багтЗлатаны аав хүүгээ Босни улсын шигшээд тоглуулахыг хүсдэг байлаа. Энэ хэргээр 2000 онд Ибра Сараева хотод очиж Босни -Герцеговины шигшээн дасгалжуулагчтай уулзаж байсан удаатай. Тухайн үед дөнгөж 19 настай байсан түүнийг олимпийн шигшээд тоглуулж болох гэж санал тавьсан ч Златан хүлээж авсангүй. ”Зөвхөн үндсэн багт л би тоглоно” хэмээн хариулаад Шведдээ эргэн ирсэн гэдэг. Удсан ч үгүй Шведийн 21 хүртэлх насны багаас урилга ирж мань эр хүлээж авсанаар ”Гурван титмийнхний” эгнээнд эргэлтэ буцалтгүй нэгдсэн юм.
Үндсэн шигшээн дебут тоглолтоо Ибра 2001 оны 1 сарын 31-нд Фарое Арлын шигшээн эсрэг хийж байсан бол анхны гоолоо тэр оныхоо 10 сард Азербайзаны хаалганд оруулж байсан байх юм.
2002 оны дэлхийн аваргад анхныхаа том тэмцээний утааг үнэрлэж буй Ибрагийн хувьд ч тэр , Шведийн хувьд ч тэр амаргүй тэмцээн болсон юм. Англи, Аргентин, Нигер гэсэн багуудтай ”үхлийн” хэсэгт багтсан Шведчүүд Англи, Аргентинтэй тэнцэн хэсгээ тэргүүлсэн ч шөвгийн 16-д Сенегалын залууст нэмэлт цаг харамсалтай ялагдан хасагдсан юм. Үүнээс 2, 4 жилийн дараа болсон европ, дэлхийн аваргад ч Шведийн хөгжөөн дэмжигчид Златанд итгэхээсээ илүү, Хенрик Ларссоныг шигшээн амин сүнсээр нэрлэж, илүү их итгэл хүлээлгэж байв. Германы дэлхийн аваргын өмнөх урьдчилсан шатанд Златан жинхэнэ галзуурах шиг болж боолыг ар араас нь хөврүүлж байсан ч, ”Жинхэнэ” тэмцээнд дээр ганц ч гоол оруулж чадалгүй ”хуурай” буцсан нь бас л араасаа бөөн шүүмжлэлийг дагуулсан удаатай.
2008 оны Европын аваргын өмнө Златаны карьерийг бага зэрэг харуулсан нэгэн явдал тохиолдсон юм. 2006 оны 9 сард Лихтенштэйний эсрэг тоглохоор шигшээдээ дуудагдаад байсан Ибрагимович, дасгалжуулагчынхаа зааврыг зөрчин шөнөөр оргон гарч согтууруулах ундаа хэрэглэсэн тул Лагербэкээс нилээдгүй чанга шийтгэл хүлээсэн удаатай. Түүнтэй хамт явсан Вилхельмсон, Мельберг хоёр ч бас шийтгүүлсэн. Гэхдээ Ибра өөрөө дасгалжуулагчын шийдвэрт дургуйцаж байгаагаа илэрхийлж ”ажил хаялт” зарласан тул бас шийтгүүлсэн гэхэд хэцүү юм. Ингээд хэд хэдэн чухал тоглолтыг өнжсөний эцэст 2007 оны 3 сараас Ибра ”ажил хаялтаа” зогсоож шигшээдээ ахин тоглох болжээ. Австри, Швейцарын Европын аваргыг Ибра хоёр гоол оруулсан амжилтаар үдсэн бөгөөд Грек, Испаний хаалганд 2 гоол оруулсан ч хэсгээсээ шалгарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Одоогийн байдлаар Ибра, Шведийн шар өмсгөлийг өмсөн 56 тоглолтонд оролцож 21 гоол оруулаад байгаа ажээ. Энэ тоо цаашид улам олон болж өсөх нь дамжиггүй.
Хувийн амьдрал :Ибрагимовичийн эхнэрийг Елена гэдэг. Хосууд хоёр хүүхэдтэй бөгөөд том хүү Макисмильян нь 2006 онд, бага хүү Винсент нь өнгөрсөн жил төрсөн. Мөн тэдний гэр бүлд Трустор хэмээх мопс үүлдрийн нохой багтдаг. Бага байхдаа Златан таеквондогийн секцэнд явдаг байсан гэнэ. Тиймээс янз бүрийн үсрэлттэй цохилт хийхдээ сурамгай бололтой. Чөлөөт цагаара шинэ кино үзэж гэр бүлийнхэнтэйгээ аялах дуртай энэ залуугийн бас нэг хобби нь шивээс хийлгэх. Эхнэр болон хүүхдүүдийнхээ нэр, зэрэг 8, 9 шивээс түүний биенд байдаг аж. Златан Швед, Югослав хэлнээс гадна Англи, Итали хэлээр ярьж чаддаг бөгөөд одоо Испани хэлийг идэвхийлэн сурч буй.
lБлиц анкет :Нэр : Златан Ибрагимович
Төрсөн огноо : 1981.10.3
Төрсөн газар : Мальмо хот (Швед)
Өндөр : 192 см
Хоч : Ибракадабра
Тоглодог байрлал : Довтлогч
Одоог тоглож байгаа баг : Барселона
Дугаар : 9
Шагнал :
Клубын түвшиндАяксын хамт : Голландын лигийн аварга 2001-02, 2003-04
Голланды цом : 2001-02
Иохан Кройфын цом : 2002-03
Интерт :
Италийн аварга : 2006-07, 2007-08, 2008-09
Италийн супер цом : 2006, 2008
Хувийн амжилтууд
Сери А мэргэн бууч : 2008-2009
Сери А-гийн шилдэг гадаад тоглогч : 2005, 2008
Сери А-гийн оны шилдэг тоглогч : 2008
Сери А-гийн оны шилдэг гоол : 2008
Шведийн оны шилдэг тоглогч: 2005, 2007, 2008
Шведийн оны шилдэг тамирчин : 2007
УЕФА-н оны шилдэг багт багтсан : 2007