Эртээд бичснээ ийшээ оруулчихъя,
Дотоодын хөлбөмбөг сонирхогчид маань санал бодлоо хуваалцаарай.
Эх нутагт минь анх удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-ний урьдчилсан шатны хэсгийн тоглолт болж, 5 өдрийн дотор нийт 180 минутын турш цэнгэн баясч, хэмжээлшгүй сайхан мэдрэмж авав. Энэ гайхамшигтай спорт эх оронд минь түгэн дэлгэрээд даруй 60 жил өнгөрсөн ч үндэсний олонхийг хамарч чадахгүй байсаар өнөөдөртэй золгожээ. Монголын шигшээ энэ цаг мөчид дэлхийн чансааны 187-д, бидний өрсөлдөгчид болох Мьянмар 135, Тажикистан 119-д бичигдэж байв. Монгол болон Мьянмарын хооронд 52 улс жагсаж байгаа ч бид тэднийг 1:0-ээр хожиж чадсан. Ранкыг бол маш олон хүчин зүйлийг үндэслэн гаргадаг ч нөгөө талаар энэ бол зүгээр л тоо. Үүнийг Монголчууд харуулж чадлаа. Шигшээ багийн хамгийн залуу тамирчин Амараагийн Дөлгөөний оруулсан гоол бидэнд итгэл найдварыг авчирсан. Тажикистан манай улсыг бодвол хөлбөмбөгийн олон жилийн уламжлалтай, ур чадвар сайтай баг байсан. Зөв тактик, өөрсдийн давуу талаа ашиглаж манай залуус 80 минутын турш эрэлхэг тэмцэлдэж, эцэстээ 1:0-ээр хожигдсон. Гэвч энэ бол гутрах шалтгаангүй хожигдол байлаа.
Хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх маань хоёр өдрийн турш үзэгчдээр пиг дүүрэн. "Монгол, Монгол” гэж дуу нэгтэйгээр орилж, уухайлан давамгайлж байсан хөлбөмбөгийн хорхойтнууд 180 минутын турш эерэг зүйлсийг харж байлаа. Төрийн наадмаараа Халх, дөрвөдөөрөө хуваагдаж суудаг бол энэ хоёр өдөр Монголчуудыг хөлбөмбөг нэгтгэв. Эндээс хэнд ч хэрэггүй нутгархаг хийгээд үндсэрхэг үзэл, яс үндэс, шашин шүтлэг, орк мояа, гэй ЛГБТ гэсэн талцал хуваагдлыг олж харсангүй. Магадгүй хөлбөмбөгийн хүч өөрөө ийм агуу болохоор тэр биз.
2015 оны 3 сард Монголын шигшээ Зүүн Тиморт хожигдсноор нэг хэсэгтээ л олон улсын тэмцээн уралдааны гадна үлдсэн. Харин өнгөрсөн жил Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатыг анх удаагаа давж, энэ 6 сард Брунейг буулган авснаар бид ийнхүү ДАШТ-ний урьдчилсан утааг албан ёсоор үнэрлэж байна. Гайхалтай биш гэж үү? Бид өнөөдөр Мьянмарыг хожиж, Тажиктай тэнцүүхэн үзэж, одоо Японтой хэрхэн тоглохоо ярилцаж байна. Азийн тэргүүн баг Японы шигшээ баг ганцхан жилийн өмнө ДАШТ-ний Шөвгийн 16-д хүчирхэг Бельгийг бараг л буулган авах дөхсөн дөө.
Сүүлийн хэдэн жил, за бүр нарийн яривал 2016 оноос Монголын хөлбөмбөгийн клубууд огцом сайжирч, лигийн тэмцээн маань хүртэл зохион байгуулалт нь илүү чанаржиж, тогтмолжиж чадсны үр дүн нь өнөөдрийн энэ амжилт. Энэ бол зөвхөн эхлэл гээд бодоод үз л дээ. Хөлбөмбөгийн хөгжил хүүхдээс эхэлдэг. Дэрэн клуб шиг зөв системтэй хүүхдийн клубууд илүү олон болвол хөгжил улам л хурдасна. Мьянмарын эсрэг гайхалтай хожлын гоол оруулсан А. Дөлгөөн Дэрэн клубын тамирчин, гоолын дамжуулалтыг нь өгсөн А.Нармандах 2018 оныг хүртэл Дэрэн клубт хүчин зүтгэж байв. Ардаас нь тэсрэлт хийхэд бэлэн олон залуус бэлтгэл сургуулилтаа хийсээр. Урд гарсан чихнээс хойно ургасан эвэр урт гэж үг бий. Ирээдүй хойч үе маань бүр илүү л сайжрах болно, ур чадвар нь нэмэгдэх нь гарцаагүй.
2008 онд Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар олимпийн аварга болоход маргааш нь жүдо, боксын секцүүд ачааллаа дийлэхээ больсон гэдэг. Түүн шиг өнгөрсөн ялалтын дараа хичнээн эцэг эхчүүд хүүхдээ хөлбөмбөгийн багт элсүүлэхээр зорьсон бол гэдэг сонирхолтой. Энэ гайхалтай спортоор дамжуулж хүнийг хүмүүжүүлж, зөв бие хүмүүн болгон төлөвшүүлж ч болдог. Харин эсрэгээрээ бидний үндэсний гэх тодотголтой хамаг л спортууд хувь хүнд зориулагдсан. Үнэндээ бид бөхчүүдээ дээдлэхийн дээдээр дээдэлж, тордсоор одоо юу болж хувирав даа? Шударга бус, найраа булхай, завхрал, допинг гээд хамаг таагүй бүхэн манай спорттой хутгалдсан. Гэсэн мөртлөө л бөхдөө маш их мөнгө зарцуулж, төрөөс дэмждэг. Нэг аймгийн наадмын бөхийн бай, тэр наадмын эргэн тойронд найраагаар эргэлддэг мөнгө нь л дуу алдам. Нутгийн бөхөө улсын цолонд хүргэхийн төлөө нутгийн зөвлөл нь 500 сая төгрөг гаргах энүүхэнд. Харин энэ мөнгөөр 50 хүүхэд 5 жилийн турш ямар ч сэтгэл зовох зүйлгүй, сайхан хангамжтайгаар хөлбөмбөг тоглож чадна.
Ний нуугүй хэлэхэд бөхчүүдийн монополь байдал арилж, багийн спортоо өөд нь татаж чадвал улсад маань илүү хэрэгтэй. 100 хүүхэд сонгож аваад хөлбөмбөг заая гэж бодъё. Аз таарвал 10 чадварлаг хөлбөмбөгчин гарах л байх. Харин үлдсэн 90 нь эрүүл чийрэг, ёс суртахуунтай, бусдыг хүндэлдэг, багийн тоглолтыг эрхэмлэж, адаглаад л цаг барьж мэддэг иргэн хүн болж төлөвшинө.
Өнгөрсөн жил ОХУ-д болсон ДАШТ-нд Пан Америкийн жижигхэн Панам гэх улс оролцож билээ. Хүн ам нь бараг л манайхтай ижил, 4 сая гаруй. 20 жилийн өмнө тус улсын шигшээ багийн ранк 150-д бичигдэж байж. Тэр үед хөлбөмбөг тоглох өөдтэй талбай ч Панамд байгаагүй гэдэг. Харин 2018 оны ДАШТ-нд тэд анх удаагаа оролцож, анхны гоолоо оруулсны дараа Панам даяараа уйлж байхыг хараад атаархан сууж билээ.
Хөлбөмбөг сонирхогчид маань ярьдаг. Амьд сэрүүн ахуйдаа Монголынхоо төрийн дууллыг хөлбөмбөгийн ДАШТ-ээр сонсохсон гэж. Магадгүй энэ цаг ойрхон. 4-хөн жилийн өмнө бид олон улсын тавцанд оролцох ч тэмцээнгүй сууж байлаа. Харин одоо Японтой бид тоглох гэж байна. 20 жилийн дараа бид Панам шиг уйлах ч юм билүү?!
Хэзээ ч мартахгүй.......