by avarga » Mon Oct 22, 2007 6:31 pm
Манайхан талбай дээрээ ДАШТ-ий анхны гоолоо орууллаа
А.ТҮмэнбаЯр (2007-10-22)
2010 онд ӨАБНУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөө манай улс БНАСАУ-тай эхний тоглолтоо хийлээ. Өчигдөр 13.20-15.20-ийн хооронд Монголын хөлбөмбөгийн төв талбай дээр уг тоглолт болж, 20 мянга орчим хүн үзэж сонирхлоо.
Монгол-БНАСАУ 1:4
Гоол: Пак Чол Мин 17, Жон Чол Мин 26, 34, Ким Кук Жин-78-С.Одхүү 90+3
Монгол: Ю.Сайнхүү, С.Одхүү, Ч.Мөнхбат, Д.Лүмбэнгарав, Б.Гарьдмагнай (А.Батболд 82), Ц.Энхжаргал, Г.Бат-Ялалт (Б.Анар 72), Г.Даваа-Очир, Х.Цэнд-Аюуш (С.Баярзаяа 65), А.Мөрөн, Г.Төгсбаяр
БНАСАУ: Ри Мюн Гук (Жу Кван Мин 46), Ри Жун Ил, Пак Нам Чол, Пак Чол Мин, Пак Сон Чол, Жон Кван Ик, Ри Чол Мюн (Тон Су Хёк 70), Жон Чол Мин, Ким Кук Жин, Ким Кюн Ил (Со Кван Чол 29), Юн Ён Ил
Шар хуудас: Ч.Мөнхбат, С.Одхүү, Д.Лүмбэнгарав
-БНАСАУ-ынхан олимп болон ДАШТ-д бэлдэж буй залуусаас бүрдсэн баг илгээжээ. Энэ нь өнгөрөгч зургадугаар сард Макаод явагдсан Зүүн Азийн АШТ-д манайхныг 7:0-ээр бут ниргэсэн баг бус, цоо шинэ баг юм. БНАСАУ 4-5-1 гэсэн хувилбарыг баримталж тоглосон бөгөөд манай хөлбөмбөгчдөөс ялгаатай нь бүгд залуучууд байв. Тэд ур чадвар, хурд, техникээр илт илүү байсан бөгөөд эхний үед золтой л 5:0-ээр өндөрлөсөнгүй. Тоглолтын анхны гоолыг манай хаалгач Ю.Сайнхүү хаах бүрэн боломжтой байсан ч алдчихав. Улмаар тоглолтын 26, 34 дэх минутад БНАСАУ-ын Жон Чол Мин Монголын хамгаалагчдаас хурдаар харьцангуй илүү болохоо харуулж дубль хийсэн.
Харин хоёрдугаар үеийн эхний 20 минут үндсэндээ Ардчилсан Солонгосын давамгайлал дор явагдсан бөгөөд бөмбөг эзэмшилтээр тэргүүлсэн. Тэд удаа дараа довтолсны эцэст 78 дахь минутад хаалгач Ю.Сайнхүүгийн алдааг ашиглан тоог 4:0 болголоо. Үүгээр тоглолтын үндсэн цаг дуусч шүүгч нэмэлт гурван минутыг сунгахад манайхан торгуулийн цохилт хийх эрх олж авсан юм. Улмаар хамгаалагчаас ойсон бөмбөгийг баруун жигүүрийн хамгаалагч С.Одхүү хаалганы зүүн шороон буланд оруулснаар шигшээ багаа цэвэр ялагдлаас аварлаа.
С.Одхүүгийн гоол түүхэнд тэмдэглэгдэнэ
Энэ удаагийн ДАШТ-ий урьдчилсан шатанд оролцох эрхийн төлөөх тоглолтод С.Одхүү гоол хийснээр түүхэнд бичигдэх болов. Учир нь ДАШТ-ий урьдчилсан шатанд манайхан 2000 онд Саудын Арабт Бангладешийн эсрэг хоёр гоол оруулсан бөгөөд талбай дээрээ нэг ч гоол оруулж үзээгүй юм. Ийнхүү шигшээ багийн бүрэлдэхүүнд С.Одхүүгийн оруулсан анхны гоол түүхэнд үлдэхээр боллоо.
Монгол, БНАСАУ нас ойролцоо
Уг тоглолтод оролцсон Монголын багийн хамгийн залуу нь 1989 тоны есдүгээр сарын 21-нд төрсөн 18 настай А.Мөрөн байлаа. Хамгийн ахмад нь 1968 оны наймдугаар сарын 3-нд төрсөн нөөц хаалгач С.Насанжаргал. Харин манайхны өрсөлдөгчид 19-26 насныхан юм.
Туршлагатай нь Ч.Мөнхбат
Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд хамгийн олон тоглолтод оролцсон тоглогчоор лигийн АШТ-ий “Ковбойс” багийн хамгаалагч Ч.Мөнхбат тодроод байна. Тэрбээр шигшээ багийн бүрэлдэхүүнд нийт 29 тоглолтод оролцсоноороо нэгдүгээрт бичигддэг. Түүний дараагаар 28 тоглолтод оролцсон шигшээ багийн ахлагч Д.Лүмбэнгарав бичигдэж буй.
Хэн юу хэлэв?
БНАСАУ, Монголын багийн тоглолтын дараа хоёр багийн дасгалжуулагч нар сэтгүүлчидтэй уулзлаа.
БНАСАУ-ын ерөнхий дасгалжуулагч Жо Тон Соп:
-Бид энэ удаад олимп болон ДАШТ-д бэлдэж буй тамирчид дээрээ залуу хөлбөмбөгчдөө нэгтгэн тоглолоо. Хариу тоглолтод мөн энэ багаараа эрчээ алдахгүй тоглохыг зорьж байна. Хожино гэсэн гол зорилгоо ч биелүүллээ. Анх ирэхдээ танай улсын хөлбөмбөгчидтэй түвшин ойролцоо гэж бодож байв.
Монгол улсын шигшээ багийн дасгалжуулагч И.Отгонбаяр:
-Энэ тоглолтоос гоол ямар өндөр үнэ цэнэтэйг та бүхэн харлаа. Бид энэ удаад хамгаалах тактик баримталсан. Техникийн алдаа олон гаргалаа. Дараа дараагийн тоглолтуудад туршлага судлуулах үүднээс залуучуудаа хариу тоглолтод түлхүү гаргана.
Tavan tsagarig