Мэргэжлийн сүмо бөхийн хаврын башё өндөрлөхөөс нэг өдрийн өмнө монгол ёкозүна Какүрюү М.Ананд түрүүлэх болзолоо хангасан билээ. М.Ананд 2016 оны арваннэгдүгээр сараас хойш, нийт найман башёгийн дараа дөрөв дэх Эзэн хааны цомоо хүртсэн юм. Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлснаар одоо барилдаж буй бөхчүүдээс их аварга Хакүхо М.Даваажаргалын дараа хамгийн олон түрүүлсэн бөх нь Какүрюү. Хакүхогийн хувьд 40 түрүүлсэн амжилтаараа сүмогийн оргилд нь гарсан юм.

Нэгэнт түрүүлэх нь тодорхой болсон Какүрюү сүүлийн өдөр озеки Такаясүтэй учраа таарч, хүч гаргалгүй унав. Такаясүгийн хувьд сүүлийн хоёр башё дараалан 12 даваа авчээ.

Какүрюү энэ сарын башёд баруун гар болон хуруундаа гэмтэлтэй байсан ч 33 насандаа түрүүлэв. Тэрбээр өнгөрсөн жил мөн бэртлийн улмаас амжилт муутай оролцсон ч энэ оны нэгдүгээр сарын тэмцээнд 11 даваа авчээ.

 

Тэмцээний тусгай шагнал:

Гарамгай барилдааны шагнал: барууны секиваки Точиношин (Гүрж) 10-5

Дайчин барилдааны шагнал: зүүний маегашира 6 Кайсэй (Япон) 12-3

Техниктэй бөхийн шагнал: зүүний маегашира 1 Эндо 9-6

Энэ тэмцээнд монголчуудаас комүсүби цолтой барилдсан Ичиножёо А.Ичинноров 9 давсан амжилтаараа дараа сард секиваки цолтой зодоглох нь тодорхой болсон юм. Түүний оронд мөн ижил 9 давсан Тамаваши Б.Мөнх-Оргил комүсүби цол авна. А.Ичинноров 2014 оны арваннэгдүгээр сард секиваки цолтой болсон ч дараа сард нь цолоо алдсан билээ. Харин нэгэн үе дээд зиндаанд бужигнуулж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ жюүрёо зиндаанд барилдсан ч 8 давж чадсангүй.

Дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн амжилт:

ёкозүна Какүрюү М.Ананд 13-2

комүсүби Ичиножёо А.Ичинноров 9-6

М1 Тамаваши Б.Мөнх-Оргил 9-6

М2 Араваши Э.Дөлгөөн  2-13

М10 Чиёошёома Г.Мөнхсайхан – 9-6

Жюүрёо
Б-2 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 7-8
Б-3 Азүмарюү С.Тодбилэг 6-9
Б-5 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6-9
3-9 Сэйро А.Өнөболд 8-7
Б-9 Дайшёохо Р.Шижирбаяр 9-6
Б-10 Миторюү Б.Төрболд 8-4-3
Б-12 Таканоива А.Баасандорж 8-7