Аваргуудын лигийн шөвгийн наймд учраа таарсан Английн хоёр баг болох “Ливерпуль”-“Манчестер Сити”-гийн эхний тулаан Улаануудын талбайд боллоо.

Тоглолтын 12 дахь минутад “Сити”-гийн хамгаалагчдын алдааг ашиглаж, египет довтлогч Мохаммед Салах эхний гоолыг оруулсан бол 21 дэх минутад Алекс Окслэйд Чемберлен 16 метрийн гаднаас пуужин цохилт илгээж, тооны харьцааг холдуулсан. Улмаар 31 дэх минутад М.Салахын дамжуулалтаар Садио Мане мөргөж, гоолдсон юм.

Улаанууд Аваргуудын лигт тун сайн тоглож байгаа буй. Тэд зөвхөн энэ тэмцээнд 31 гоол оруулсан нь бусад багуудтай харьцуулахад дөрвөөр илүү тоо. Түүнчлэн гэртээ хийсэн сүүлийн 15 тоглолтод хожигдоогүй (10-т нь хожсон), сүүлийн зургаан тоглолтод хаалгандаа гоол алдаагүй юм. Үүгээр ч зогсохгүй Роберто Фирмино, Мохаммед Салах, Садио Мане нар Аваргуудын лигт бүгд долоон гоол оруулсан үзүүлэлттэй байгаа бол Жэймс Милнер Аваргуудын лигийн нэг улиралд найман гоолын дамжуулалт өгсөн амжилтаар Уэйн Руни, Неймар нарын хамтаар рекорд эзэмшиж байна.

Тэрбээр Алекс Окслэйд Чемберлений гоолын дамжуулалтыг өгсөн юм. Гэхдээ Ж.Милнер ердөө 452 минутыг талбайд өнгөрүүлэхдээ ийм үр ашигтай тоглолт үзүүлжээ. Тодруулбал, англи эр 57 минутад нэг гоолын дамжуулалт өгч байгаа аж. Харин дээд амжилт цуг эзэмшиж байгаа Уэйн Руни 96 минутад, Неймар өнгөрсөн жил 100 минутад нэг дамжуулалт гүйцэтгэж байв.

8= Уэйн Руни (Манчестер Юнайтед) 765 минут, 2013/14

8=Неймар (Барселона) 797 минут, 2016/17

8=Жэймс Милнер (Ливерпуль) 452 минут, 2017/18

7=Райан Гигз (Манчестер Юнайтед) 605 минут, 2006/07

7=Златан Ибрагимович (ПСЖ) 793 минут, 2012/13

7=Шави Хернандес (Барселона) 971 минут, 2008/09