Өнгөрсөн бямба гаригт мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Энтони Жошуа, Жосеп Паркер нар өрсөлдсөн. В.Кличког ялж, дэлхийн аварга цол хүртсэн Э.Жошуа өрсөлдөгчөө шүүгчийн саналаар буулган авч, дөрвөн холбооны бүс эзэмших болсон билээ. Тэгвэл уг тоглолтыг үзсэн дэлхийн аварга асан Тайсон Фюри “Э.Жошуа миний бэлтгэл хангагчаас ч муу юм. Дэлхийн аваргын тулаан үнэхээр үзэх зүйлгүй боллоо” гэж ярьжээ.

Гурван жилийн өмнө Украины босоо аварга В.Кличког ялснаар дэлхийн аваргын бүс эзэмшиж байсан Фюри түүнээс хойш илүүдэл жинтэй болж, бокс тоглох эрхээ хасуулсан. Гэвч сүүлийн үед их спортдоо эргэн ирэхээр төлөвлөж, бэлтгэлдээ ч эрчимтэй орсон юм.

Энтони Жошуа хүнд жингийн бүх бүсийг эзэмших зорилгоор WBC холбооны аварга Деонтай Уайлдертай тулалдах магадлал өндөр. Ж.Паркерийг ялсныхаа дараа Уайлдерийг тулаанд дуудсан юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Уайлдер ч бас Э.Жошуатай тулалдах хүсэлтэй байгаа гэнэ. Тиймээс ойрын хугацаанд хэлэлцээрийн ширээний ард суух бололтой.

Тэгвэл бокс сонирхогчдоос Э.Жошуа-Т.Фюри нар тулалдвал хэн нь ялах вэ гэсэн санал асуулга явуулж, 11 мянган хөгжөөн дэмжигчдийн 51% нь Т.Фюрид саналаа өгчээ. Энэ жил 29 настай Фюри мэргэжлийн боксын рингэнд 25 ялсан амжилттай бол Жошуа 21 дэх ялалтаа авсан билээ.