Екатеринбургийн Их Дуулга тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдээр болж, 18 жүдочтой оролцсон манай улсын баг нэг алт, гурван хүрэл медаль зүүсэн амжилтаар багийн дүнгээр дөрөвдүгээр байрт оржээ. Эрэгтэйчүүдийн 73 кг-д саяхан 22 нас хүрсэн Ц.Цогтбаатар Их дуулга, мастер болон гранпри зэрэглэлийн тэмцээнд анх удаа түрүүлж, алтан медаль хүртлээ. Манай жүдоч хэсэгтээ Португалын Хорсе Фернандесийг ялж, хоёрдугаар тойрогт Бехрузи Хожазодаг буулган авч, хэсгийн аваргын төлөө Казахстаны тамирчин Жансай Смагуловыг иппоноор ялсан юм. Улмаар медалийн төлөө Арабын нэгдсэн Эмиратын нэр дээр барилдаж буй Молдавын тамирчин Виктор Сквортовыг илүүрхэж, улмаар аваргын төлөө Фердинанд Караптианыг вазари үнэлгээгээр ялж, алтан медаль хүртсэн юм.

Ц.Цогтбаатар өнгөрсөн хоёрдугаар сард болсон Парисын Их дуулгад хүрэл медаль хүртсэн. Тэрбээр энэ онд хоёр их дуулгад оролцож, нийт 10 барилдаанаас ердөө нэг л удаа ялагджээ.

Түүний аваргын төлөөх барилдааны бичлэг:

Эрэгтэйчүүдийн хоёр дахь медалийг Гантулгын Алтанбагана зүүлээ. 90 кг-д хүрэл медаль хүртсэн Г.Алтанбагана “D” хэсгийг тэргүүлсэн бөгөөд эхний тойрогт хийлж, хоёрын даваанд Францын Ибрахим Кейтаг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Беларусийн Яахор Варапайег барсангүй. Гэхдээ дагах барилдаанд Узбекистаны Дилшод Чорьевийг ялж, хүрлийн төлөө Чехийн Давид Кламмертийг цэвэр ялснаар энэ жилийн хоёр дахь медалиа авлаа. Г.Алтанбагана Дюсселдорфийн Их дуулгад хүрэл медаль зүүсэн билээ.

Г.Алтанбаганын хүрэл медаль хүртсэн барилдааны бичлэг:

Эмэгтэйчүүдийн эхний медалийг 48 кг-д Ганбаатарын Наранцэцэг хүртсэн юм. Энэ жил 23 настай Г.Наранцэцэг анх удаагаа Их дуулга тэмцээнд хүч сорьж, эхний тойрогт Португалын Жоана Диогог ялсан ч хоёрдугаар тойрогт Германы Катарина Менцийг дийлсэнгүй. Гэхдээ дагах барилдаанд Бельгийн Анна Софи Жураг, хүрлийн төлөө Румыний Моника Унгуренуг вазари үнэлгээгээр буулган авч, анхны медалиа зүүлээ.

Г.Наранцэцэгийн медальд хүрсэн барилдааны бичлэг:

Эмэгтэйчүүдийн 57 кг-д Доржсүрэнгийн Сумъяа эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Нидерландын Санне Верагенийг хожсон ч хэсгийн аваргын төлөө Японы Момо Тамаокид ялагдчихав. Харин дагах барилдаанд ОХУ-ын Дариа Мезецкайаг, хүрлийн төлөө Унгарын Хедвиг Каракасыг үүрч шидэх мэхээр иппон буулгаж, энэ жилийн анхны медалиа зүүлээ.

Д.Сумъяагийн хүрэл медаль хүртсэн барилдааны бичлэг: