Перугийн шигшээ багийн ахлагч Паоло Гуерреро ирэх зун болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг өнжиж магадгүй гэнэ. Түүнийг хар тамхи хэрэглэсэн гэж буруутгаж, спортын арбитрын шүүхэд дуудсан юм.

Паоло Гуерреро тэргүүтэй Перугийн хөлбөмбөгийн шигшээ баг өнгөрсөн арваннэгдүгээр сард ДАШТ-д оролцох хамгийн сүүлийн эрхийн төлөө Шинэ Зеландтай нэмэлт тоглолт хийж, ялснаар ОХУ-ыг зорих эрхээ авсан билээ. Харамсалтай нь, тус улсын шигшээ багийн гол довтлогч П.Гуерреро кокаин хэрэглэсэн хэргээр 6 сараас нэг жилийн хугацаанд эрхээ хасуулж магадгүй аж.

Энэ жил 34 настай довтлогч эр өөрийгөө буруутай гэж үзэхгүй, бусдад хорлогдсон гэж мэдэгдсэн. Тодруулбал, түүний ууж байсан кока ундаанд нь хэн нэг нь хар тамхи хийсэн гэж үзжээ.

Допингийн эсрэг төв Гуеррерог буруутай гэж үзвэл хоёр жилээр эрх хасдаг. Ийм ч шийдвэр гаргасан ч перу довтлогч шүүхэд давж заалдах болсон юм. Түүний хэргийг хэлэлцэх шүүх хурал ирэх тавдугаар сарын 3-нд болно.

Перу улс 1982 оны ДАШТ-ээс хойш анх удаа тус тэмцээнд оролцох эрхээ авсан. Өмнө нь Германы “Байерн Мюнхен”-д зүтгэж явсан П.Гуеррера өдгөө Бразилын “Фламенго” клубт алба хашдаг, шигшээ багийнхаа төлөө 86 тоглолтод 32 гоол оруулсан аж.