Мэргэжлийн боксын домгуудын нэг Флойд Мэйвэйдер боксчны замналаа өндөрлөсөн ч тамирчны карьераа дуусгах бодолгүй бололтой. Тэрбээр MMA буюу холимог тулаанаар дэвжээнд гарах эрх авахаар холбоонд нь хүсэлтээ өгсөн байна. Өдгөө 41 настай америк эр хоёр сар бэлтгэл хийгээд холимог тулаанд хүч үзнэ гэж мэдэгдэж байсан ч сүүлд өгсөн ярилцлагадаа 6-8 сар бэлтгэл хийх шаардлагатай гэнэ.

Ф.Мэйвэйдер UFC-гийн аварга Тайрон Вудлейтэй хамт бэлтгэл хийхээр төлөвлөж байгаа аж.

Ф.Мэйвэйдер өнгөрсөн жил UFC-гийн од Конор МкГрегортой мэргэжлийн боксын рингэнд өрсөлдөж, замналынхаа 50 дахь ялалтыг авсны дараа их спортоо орхиж буйгаа зарласан. Улмаар холимог тулаанаар тулалдах сонирхолтой байгаагаа мэдэгдсэн юм. Гэхдээ UFC-гийн босс Дана Уайт түүнийг К.МкГрегор мэтийн том тулаанчтай шууд тулалдах зөвшөөрөл өгөхгүй гэж мэдэгдсэн билээ.