Мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Флойд Мэйведерийг Атланта хотын зочид буудлаас гарах үеэр нь гэмт этгээд буутай халдлага үйлдсэн хэрэг гарчээ. Атлантагийн цагдаагийн албанаас Ф.Мэйведер болон түүний бие хамгаалагчдын сууж явсан гурван автомашин руу буудсан бөгөөд үүний улмаас нэг бие хамгаалагч нь суманд оногдож, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Буудуулсан бие хамгаалагч хөлөндөө шархадсан бөгөөд азаар амь насанд нь аюулгүй гэж мэдээлэв.

Ф.Мэйведер гэмт халдлага болохоос өмнөх шөнө нь Атланта хотын “Medusa” шөнийн цэнгээний газарт шоудсан юм. Түүнийг гурван машины аль нэгэнд нь сууж явсан гэж цагдаагийнхан баталжээ. Гэмт этгээдийг цагдаагийнхан одоогоор тогтоож чадаагүй байгаа юм. Гэхдээ цагдаагийнхан Ф.Мэйведерийг тун сайн мэддэг хүн халдлага үйлдсэн гэдэгт итгэлтэй байгаа аж.

Шархадсан бие хамгаалагчийг Грегори Ла Роса гэдэг. Түүнийг ирланд тулаанч Конор МкГрегор янз бүрээр нэрлэж, доромжилж байсныг өнгөрсөн жил болсон Ф.Мэйведер, Конор МкГрегорын тулааны өмнөх хэвлэлийн бага хурлын бичлэгнээс харж болно.