Ардчилсан намын 28 жилийн ойн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болж, 256 бөхийг улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Х.Мөнхбаатар, Р.Пүрэвдагва нар тэргүүлсэн юм. Тус барилдаанд улсын аварга нэг, улсын арслан тав, улсын гарьд нэг, улсын заан хоёр, улсын харцага зургаа, улсын начин цолтон 21 бөх барилджээ.

Их шөвгийн дөрөвт улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс нарын хамт улсын залуу заан Н.Жаргалбаяр, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын бөх аймгийн арслан Б.Даваа-Очир нар шалгарч үлдсэн юм. Аймгийн арслан Б.Даваа-Очир энэ барилдааны гурвын даваанд улсын начин Г.Ганжадыг, дөрөвт улсын заан Д.Баасандоржийг, тавын даваанд улсын арслан Р.Пүрэвдагвыг, зургаад улсын начин Б.Батжаргалыг тус тус хаяж, шөвгөрсөн. Улмаар аварга Ч.Санжаадамбад унасан юм.

Харин үзүүр түрүүнд тунаж үлдсэн Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс нарын барилдаан нэг их удсангүй. Увсын арслан хүчтэй өрсөлдөгчөө хавирах мэхээр давснаар хоорондын харьцаа 5-8 боллоо. Аварга, арслан хоёр 2018 он гарснаар хоёр барилдаанд үзүүр, түрүү булаалдсан. Хоёуланд нь П.Бүрэнтөгс арслан давсан юм. Үүнээс өмнө цагаан сарын барилдааны түрүү булаалдаж, П.Бүрэнтөгс арслан өрсөлдөгчөө унагасан билээ.