Их спортын түүхэнд тодоор бичигдэх том гэмт хэргийн захиалагч гэдгээрээ дэлхий дахинд танигдсан хүн бол АНУ-ын уран гулгагч Тонья Хардинг. Өөрийнхөө бие хамгаалагч, ирээдүйн нөхөртөө захиалга өгч, гол өрсөлдөгчөө “жагсаалаас” гаргаснаар цагаан олимпод өрсөлдөх “тийзээ” өвөртөлсөн хачирхалтай түүхтэй энэ эмэгтэй өвлийн олимпод үзүүлсэн үзүүлбэрийнхээ хувцасыг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэжээ.

Тэрбээр 1992 оны Францын Альбервил хотноо болсон цагаан олимпод нутгийнхаа гол өрсөлдөгч, хожим гэмт хэргийн хохирогч болсон Нэнси Керриганы ард жагсаж, дөрөвдүгээр байрт орсон юм. Энэ олимпод өмсөж байсан хувцасаа хамгийн багадаа 10 мянган ам.доллароор үнэлж, дуудлага худалдаанд оруулжээ. Энэхүү дуудлага худалдаа энэ сарын 28-нд дуусна.

Т.Хардинг хувцасныхаа танилцуулга дээр 1992 онд АНУ-ын аварга шалгаруулах тэмцээнд өмсөж байсан гэж мэдүүлсэн ч энэ нь худлаа болох нь тогтоогджээ. Тус тэмцээнд Тонья цагаан хувцастай богино, чөлөөт үзүүлбэрээ гүйцэтгэсэн удаатай. Харин 1992 онд болсон ДАШТ-ий чөлөөт үзүүлбэрт дээрх хувцасаараа гоёсон аж.