Аваргуудын лигийн шөвгийн наймд учраа таарсан Испанийн “Барселона”, Италийн “Рома” багийн хоёр дахь тоглолт санаанд оромгүй үр дүнгээр төгслөө. Эхний тоглолтод талбай дээрээ 4:1-ээр буулган авсан каталоны багийг хариу тоглолтод гурван гоолоор хожигдоно гэж хэн санах билээ. Гэвч хөлбөмбөгт өрсөлдөгчөө басч болдоггүйг харуулж, италичууд гэнэтийн бэлэг барьснаар түүхэндээ анх удаа аваргуудын лигийн шөвгийн дөрөвт тунаж үлдлээ.

Энэ тоглолтын шилдгээр “Рома”-гийн 32 настай довтлогч Эдин Жеко тодорсон. Тэрбээр тав дахь минутад гоолын салхийг хагалж, улмаар 58 дахь минутад багтаа торгуулийн цохилт хийх эрх авчирсан юм. Торгуулийн цохилтыг Даньел Де Росси амжилттай гүйцэтгэж, тооны харьцааг ойртуулсан. Улмаар хожлын гурав дахь гоолыг грек хамгаалагч Костас Манолас мөргөж оруулав. Энэ гоол 82 дахь минутад орж, ромачууд түүхэн амжилтаа үзүүлэв.

Аваргуудын лигийн түүхэнд гурван гоолын зөрүүнээс эргэн ирсэн гуравхан тохиолдол бий. Анхных нь 2003 онд шөвгийн наймд учраа таарсан “Депортиво ла Коруна” Италийн “АС Милан”-ыг эхний тоглолтод 4:1-ээр хожигдсон ч хариу тоглолтод 4:0-ээр буулган авч байв.

Харин хоёр дахь тохиолдол нь өнгөрсөн жил болсон. Алдарт “Барселона” Францын “ПСЖ”-д 4:0-ээр хожигдсон ч 6:1-ээр илүүрхэж, дөрвөн гоолын зөрүүнээс эргэн ирсэн анхны баг болж байв.

Сонирхуулахад, энэ тоглолтын сүүлийн хоёр гоолыг оруулсан Д.Де Росси, К.Манолас нар эхний тоглолтод өөрсдийнхөө хаалганд гоол оруулсан аж. “Рома” Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт шалгарсан 29 дахь багаар тодорсон бөгөөд энэ жилийн тэмцээнд талбай дээрээ нэг ч хожигдсонгүй.