Энэ сарын 5-9-нд үргэлжлэх чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд ОХУ-ын баг тамирчид оролцохгүй. Москва дахь АНУ-ын элчин сайд яам орос бөхчүүдэд виз олгохоос татгалзсан тул хариуд нь Дэлхийн цомд өрсөлдөхөөс оросууд болихоор шийджээ.

Оросын гадаад хэргийн яам АНУ-ын талыг спортын тэмцээн уралдаан зохион байгуулах чадваргүй хэмээн шүүмжилсэн бол АНУ-ын Йова мужийн сенатор Чарлес Грасслейгийн асуулгад АНУ-ын элчин сайдын яам ОХУ-ын бөхчүүдийн визний мэдүүлэг хэт оройтсон хэмээх тайлбарыг өгчээ.

Ингэснээр Дэлхийн цомд Иран, ОХУ-ын багийн оронд Монгол, Энэтхэг улс өрсөлдөх болов. Ираны шигшээ багийн хувьд сүүлийн долоон Дэлхийн цомд аваргалсан ч энэ жил Туркийн оронд оролцох эрхтэй болсон билээ. Харамсалтай нь, Дэлхийн бөхийн нэгдсэн холбоотой түнжин хагарсан тул АНУ-ыг зорихгүй гэдгээ зарласан юм. Тэдний оронд Энэтхэгийн багийг сонгосон бол виз нь гараагүй ОХУ-ыг монголчууд орлох гэнэ.

Ийнхүү сүүлийн есөн жил аварга цолыг хамтдаа хүртсэн бөхийн өлгий нутаг Иран, ОХУ баг өрсөлдөхгүй тул энэ жил шинэ аварга төрөх нь тодорхой болов. Энэ жилийн оролцогчдоос АНУ 2003 оноос хойш түрүүлээгүй бол Куба 2005, Азербайжан 2009 оноос хойш багаараа өнгөлж үзээгүй. Харин Гүрж, Монгол, Япон, Казахстан, Энэтхэг улсын хувьд огт түрүүлж байгаагүй.

Манай улс энэ тэмцээнд 1975, 1987 онд мөнгө, 1981 онд хүрэл медаль хүртсэн түүхтэй. 2002 онд багаараа оролцсоноос хойш 12 жилийн дараа 2014 онд эргэн ирж, үүнээс хойш завсаргүй Дэлхийн цомд хүч үзэж буй.