Норвегийн алдарт биатлонч, олимпийн 4 удаагийн аварга Эмил Хегл Свендсен гайхалтай спортын замналдаа цэг тавьж байна.

Ирэх долдугаар сарын 12-нд 33 нас хүрэх норвеги эр олимпийн наадмаас 4 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн, ДАШТ-ий 12 алт, 6 мөнгө, 3 хүрэлтэй нэгэн. Тэрбээр Ванкуверын олимпоос анхны алтан медалиа хүртэж, “Пёнчан 2018”-аас хошой мөнгө, нэг хүрэлтэй буцсан юм.

Өнгөрсөн долоо хоногт Норвегийн өвлийн спортын одод ээлж дараалан их спортоо орхисон гунигтай мэдээ байна. Свендсенийг оруулаад цагаан олимпийн 36 медаль хамт “түүсэн” одод зодог тайлж байгаагаа зарласан юм. Биатлоны домог Оле Эйнер Бьорндален, гүйлтийн цанын Марит Бьорген нар их спортоо орхиж байгаа мэдэгдсэн билээ.