АНУ-д болж буй эрэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээний эхний тойрогт Монголын шигшээ баг Казахстаны багийг 6:4-өөр буулган авлаа.

ОХУ-ын багийн виз гараагүй. Үүний “ачаар” Дэлхийн цомд хүч үзэх болсон манай эрчүүдээс 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр өрсөлдөгч Мухамбет Куатбекийг 10:0-ээр, 61 кг-д Т.Түвшинтулга Рассул Калиевийг 2:1-ээр, 74 кг-д Г.Мандахнаран гавьяат өрсөлдөгч Даньер Кайсановыг 9:0-ээр, 86 кг-д О.Үйтүмэн Элхан Ассадовыг 6:4-өөр, 97 кг-д Ө.Батзул Мамад Ибрагимовыг 7:5-аар, 125 кг-д Н.Золбоо Олег Болтиныг 12:2-оор цэвэр ялж, Монголын шигшээ баг эхний ялалтаа авлаа.

Харин 65 кг-д Б.Батмагнай маань Саяатбек Окассовт 1:13-аар, 70-д хүч үзэж буй С.Ганбаяр Мейрзан Ашировт 1:4-өөр, 79 кг-д Г.Идэрхүү Сакен Айтзановт 1:11-ээр, 92 кг-д Л.Төртогтох Илисхан Чилаевт 1:2-оор дийлдсэн юм.

Хоёрдугаар тойрогт манай бөхчүүд Кубатай хүч сорино.