Аваргуудын лигийн шөвгийн наймд учраа таарсан Испанийн “Реал Мадрид”, Италийн “Ювентус” багийн хариу тоглолт Мадрид хотын Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд явагдлаа. Өмнөх тоглолтод өрсөлдөгчөө 3:0-ээр илүүрхэж хожсон аваргуудыг дараагийн шатанд шалгарах нь ойлгомжтой гэж байсан ч “Хөгшин хадаг”-тай нар амар бууж өгсөнгүй. Хорват довтлогч Марио Манзукич хоёр, франц хагас хамгаалагч Блез Матюиди гурав дахь гоолыг оруулснаар хоёр баг ижилхэн 3:3-аар тэнцэж, нэмэлт цаг цаашлаад торгуулийн цохилтоор ялагч тодорч магадгүй байв. 

Гэвч шүүгчийн мэдлийн нэмэлт минутад Марокко хамгаалагч Меди Бенатиа эсрэг багийн Лукас Васкес дээр торгуулийн шугам дотор алдаа гаргаснаар англи шүүгч Майкл Оливер торгууль зааж, үүнд бухимдсан хаалгач Жианлужи Буффон улаан хуудас авснаар нөөц хаалгач Войцех Шенсный талбайд гарсан юм. Гэхдээ Криштиану Роналду багаа хагас шигшээд хүргэх алтан боломжийг алдсангүй.

Ийнхүү К.Роналду Аваргуудын лигт “Ювентус”-ын эсрэг 10 гоол оруулсан амжилтаараа бас нэгэн рекорд тогтоов. Түүнчлэн 11 тоглолт дараалан гоолдож, өөрийн дээд амжилтаа ахиулав.