Италийн Милан хотноо үргэлжилж буй уран гулгалтын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Канадын Кэйтлин Осмонд түрүүлж, шуугиан дэгдээв. “Пёнчан 2018” өвлийн олимпоос хүрэл медаль хүртэж, оросуудын ноёрхолд дарагдсан канад бүсгүй анх удаа дэлхийн аварга болоод зогсохгүй 1973 оноос хойш канадаас түрүүлсэн анхны эмэгтэй тамирчин боллоо. Түүний араас олимпийн залуу аварга ОХУ-ын Алина Загитова, Италийн Каролина Костнёр нарын хэн ч бус Японы Вакаба Хигүчи, Сатако Мияхара нар мөнгө, хүрэл медалийн эзэн болов.

Олимпийн наадамд түрүүлсэн Алина Загитоваг алтан медаль авна гэж маш олон хүн бооцоо тавьж байлаа. Богино үзүүлбэрийн төрөлд бага зэрэг алдаа гаргаж, Италийн Каролина Костнёрын ард бичигдсэн ч чөлөөт үзүүлбэрт алдаагаа засна гэж найдаж байв. Харамсалтай нь, орос охин төгс байж чадсангүй. Тэр ч бүү хэл үзүүлбэрийнхээ турш гурван алдаа гаргаснаар нийлбэр дүнгээр тавдугаар байр эзэллээ. К.Осмонд богино үзүүлбэрт 72.73 оноогоор дөрөвдүгээрт жагссан бол чөлөөт үзүүлбэрт 150.50 оноо авч, нийлбэр дүнгээр 223.23 оноогоор түрүүлэх болзолоо хангасан юм. Харин А.Загитова чөлөөт үзүүлбэрт 128.21 оноо авч, медалиас мултарчээ.

Ийнхүү эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 2014 оны Сочигийн олимпоос хойш оросууд ноёрхсон нь төгсгөл болов. 2015 оны ДАШТ-д Елизавета Туктамышева, сүүлийн хоёр дэлхийн аваргад Евгенья Медведева түрүүлсэн юм.

Сонирхуулахад, Канадаас эмэгтэй ганцаарчилсан төрөлд домогт олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Карен Магнуссен 1973 онд түрүүлж байв. Түүнээс өмнө 1965 онд Петра Бурка алтан медаль хүртсэн анхны канад эмэгтэй болж байжээ.

К.Осмондын хувьд дэлхийгээс медаль авахад гайхаад байхааргүй ур чадвартай тамирчин. Тэрбээр Сочигийн олимпод багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн бол “Пёнчан”-ы олимпоос ганцаарчилсан төрөлд хүрэл, багийн төрөлд алтан медаль зүүсэн билээ. Түүнчлэн өнгөрсөн жилийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв.

ДАШТ-ий үр дүн

1. Кэйтлин Осмонд (Канад) – 223.23 нийлбэр оноо

2. Вакаба Хигүчи (Япон) – 210.90

3. Сатако Мияхара (Япон) – 210.08

4. Каролина Костнёр (Итали) – 208.88

5. Алина Загитова (ОХУ) – 207.72

6. Брэди Теннелл (АНУ) – 199.89

7. Габреаль Дэйлмэн (Канад) – 196.72

8. Мариа Соцкова (ОХУ) – 196.61