NHL -ийн “Ванкувер Канюкс” багийн ихэр ах дүүс болох Хенрик, Даньел Седин нар энэ улирлын дараа албан ёсоор их спортоо орхих гэнэ. Энэ жил 37 настай ихрүүд 17 улирал нэг багтаа үнэнчээр зүтгэж, 2011 онд Стэнлийн цомын төлөө шалгарч үлдсэн ч “Бостон”-д хожигдсон билээ.

Шведээс гаралтай ихэр Седин 1999 оны NHL-ийн драфтад нэрээ дэвшүүлж, эхний бүсийн хоёр болон гурваар “Канюкс” багт очиж, энэ багаас гараагаа эхэлсэн юм.

Хенрик Седин 1327 тоглолтод 240 гоол оруулж, 828 оновчтой дамжуулалт өгч, нийт 1068 оноо авсан бол Даньел Седин 1303 тоглолтод 391 гоол оруулж, 647 оновчтой дамжуулалт өгсөн үззүүлэлтээр 1038 оноо авсан юм. Түүнчлэн Хенрик 2010 онд хамгийн олон оноо авсан тоглогчдод олгодог Арт Россын цомын эзэн болж байсан түүхтэй. Тэр улиралдаа лигийн үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртсэн билээ.

Харин Даньелийн хувьд 2011 онд 104 оноогоор Арт Россын цом хүртэж, тоглогчдын саналаар Тед Линдсэйгийн цом буюу үнэ цэнэтэй тоглогч болсон юм.

Ихрүүд их спортоо орхисноос хойш багагүй хугацааг Ванкувер хотод гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа аж.