Уран гулгалтын дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт Евгенья Медведева Оросын телевизийн салбарт хүч үзэхээр шийджээ. Тэрбээр олимпийн аварга Алексей Ягудины ажилладаг “Ice Age – Kids” шоу нэвтрүүлгийг хамтран хөтлөх болсон юм. А.Ягудин уг нэвтрүүлгийг 2013 оноос хойш хөтөлж буй.

“Ice Age” нэвтрүүлэг бол АНУ-ын алдарт “Ододтой гулгая” шоу нэвтрүүлгийн орос хувилбар юм. Энэ нэвтрүүлэгт мэргэжлийн уран гулгагчид олны танил өөр нэгэнтэй хамтрагч болж, гулгадаг. Долоо хоног бүрт шүүгч болон үзэгчдээс хамгийн бага оноо авсан хос нь хасагддаг.

Хөлний бэртлийн улмаас түр завсарлага авсан Е.Медведева тус нэвтрүүлгийн хүүхдэд зориулсан хувилбарыг нь түр хөтлөх болсон юм. Энэ нэвтрүүлгийн оролцогчид 4-11 насны хүүхдүүд байх бөгөөд дөрвөн шүүгч өөрсдийн багаа сонгож, жинхэнэ авьяастныг илрүүлэх үүрэгтэй.

Энэ нэвтрүүлгийн шүүгчээр нь Турины олимпийн бүжгийн хос төрөлд алтан медаль хүртсэн Татьяна Навка, Роман Костомаров нар эсрэг тал болох аж. Түүнчлэн 2002 оны олимпийн мөнгөн медальт Илья Авербух, олимпийн хошой аварга Максим Транков нар ирээдүйн шилдэг уран гулгагчийг тодруулах шүүгчээр томилогджээ. Шүүгчдэд нэрт дасгалжуулагч Татьяна Тарасова удирдаж, заавар зөвөлгөө өгөх юм.