Олимпийн мөнгөн медальт, Оросын уран гулгагч Евгенья Медведева гэмтлийн улмаас ДАШТ-ийг өнжихөөр болжээ. ОХУ-ын уран гулгалтын холбооноос мэдээлснээр бол өсгийний гэмтлийн улмаас өнгөрсөн арванхоёрдугаар сард Гранпригийн шигшээг өнжих болсонтой ижил шалтгаанаар Е.Медведева ДАШТ-д оролцохгүй гэнэ.

Тэрбээр энэ гэмтлээ үл тоож, олимпод оролцсон ч гол өрсөлдөгч Алина Загитовад ялагдсан билээ. Гэхдээ орос бүсгүй олимпод түрүүлж чадаагүй нь гэмтлээс болоогүй гэж тайлбарласан.

Уран гулгалтын ДАШТ-д энэ сарын 19-25-нд Италийн Милан хотноо болох юм.

Олны анхаарлыг татаж буй эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ, Канад, АНУ-ын баг гурван тамирчнаа илгээх боломжтой.

Шинэхэн олимпийн аварга Алина Загитова, олимпод оролцсон Мария Соцкова нараас гадна Е.Медведеваг орлож 17 настай Станислава Константинова эх орноо төлөөлөхөөр болжээ. Тэрбээр саяхан болж өнгөрсөн өсвөрийн ДАШТ-д нутаг нэгт Александра Трусова, Алена Косторнайа, Японы Мако Ямашита нарын ард бичигдэж, дөрөвдүгээр байрт орсон юм. Энэ ДАШТ-д түрүүлж, үзүүрлэсэн орос охид насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох нас нь болоогүй тул С.Константиновад боломж гарч иржээ.