АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн лигийн аваргын төлөө Виллановагийн их сургууль, Мичиганы их сургуулийн баг тунаж үлдсэн. Сан Антонио хотын Аламодомд болсон шигшээ тоглолтод Зэрлэг муурнууд өрсөлдөгчөө 79:62-оор буулган авч, сүүлийн гурван жилд хоёр дахиа аварга боллоо.

Виллановагийн лидер Донте ДиВенченцо 31 оноо авч, бусдыгаа манлайлсан. Түүний энэ үзүүлэлт 2009 онд Сэтон Холл их сургуулийн Жон Мортон шигшээ тоглолтод 35 оноо авснаас хойших хамгийн их оноо болов. Донте холын зайн шидэлт сайтай тул NBA-д орж ирвэл гологдохгүй нэгэн. Оюутны лигт гурван улирал тоглочихсон учраас энэ жил NBA-ийн сонгон шалгаруулалтад нэрээ өгөхөөр төлөвлөж буй.

Харин Мичиганы их сургуулийн баг 1989 оноос хойш анх удаа аварга болох боломжоо алдав. Тэд 2013 онд Луисвиллийн их сургуулийн багт хожигдсон юм.