Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд эрэгтэй марафон гүйлтийн төрөлд итгэл төгс тэргүүлж явсан Шотландын гүйгч Каллум Хоукинс барианд орохоос хоёр минутын өмнө унаж, түрүүлэх боломжоо салхинд хийсгэв. Австралид болж буй тус тэмцээний марафон гүйлтийн уралдаанд К.Хоукинс ойролцоогоор хоёр минут орчим илт давамгай түрүүлж явсан ч барианд орохоос 2 км зам дутуу байхад азгүйтсэн аж.

Хүч тамираа барсан эр хоёр удаа бүдэрсэн бөгөөд эхний удаа унасан ч эргээд босч, уралдаанаа үргэлжлүүлсэн. Харамсалтай нь, сүүлийн удаа унахдаа тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болжээ.

Уралдааны явцад үзэгчид болон бусад хүмүүс тамирчдад тусламж үзүүлэхийг хориглодог. Харин К.Хоукинст эмнэлгийн тусламж үзүүлэхдээ хугацаа алдсанд зохион байгуулагчдыг шүүмжилж байгаа аж. Тэмцээний дараа К.Хоукинс шууд эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд одоо тэндээ эмчлүүлж байгаа гэнэ.