Норвегийн домогт биатлонч, өвлийн олимпийн түүхэнд хамгийн олон медаль хүртсэн тамирчны нэг Оле Эйнар Бьорндален 44 насандаа их спортоо орхилоо. Тэрбээр өвлийн олимпоос 13 медаль хүртсэн, үүний найм нь алтан медаль бол ДАШТ-ээс 20 алт зүүсэн билээ.

Норвеги эр 1998 онд анхны олимпийн түрүүгээ авсан бол дөрвөн жилийн дараа Солт Лэйк Ситигийн цагаан олимпоос биатлоны боломжит бүх зайд бүгдэд нь түрүүлж, дөрвөн алтан медаль хүртсэн юм. Улмаар 2010 онд нэг алт, 2014 онд 40 насандаа хошой алтан медалиар энгэрээ мялаасан түүхтэй.

Бьорндален өвлийн олимпоос найман алт авснаар нутгийнхаа домогт цаначин Бьорн Дэлигийн дээд амжилттай зэрэгцсэн. Харин Бьорн Дэли өвлийн олимпоос дөрвөн мөнгөн медаль хүртсэн бол Бьорндален дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль зүүсэн амжилтаараа тэргүүлдэг.

Өнгөрсөн “”Пёнчан”-ы олимпод Марит Бьорген найман алтан медаль зүүж, дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар цагаан олимпийн түүхэнд хамгийн олон медаль хүртсэн тамирчин болсон билээ. Энэ амжилтаараа тэр бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон өвлийн олимпийн медальд хүрсэн тамирчнаар тодорсон.

Бьорндалений хувьд Дэлхийн цомын тэмцээнийг нийлбэр дүнгээр зургаан удаа тэргүүлж, 2002, 2014 онд Норвегийн оны шилдэг тамирчин болсон юм.

Хэдийгээр гялалзсан амжилт үзүүлж, биатлоны хаан хэмээн өргөмжлөгдсөн ч Бьорндален үнэнд гүйцэгдсэн. Пёнчаны олимпод оролцох эрхээ авч чадаагүй. Тэр ч бүү хэл багийн төрөлд Дэлхийн цомд нэг удаа түрүүлснийг эс тооцвол өөр тоймтой амжилт үзүүлээгүй юм. Өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд сүүлийн уралдаандаа оролцоод норвеги эр 32 дугаар байр эзэлжээ.