Өнөөдөр хөлбөмбөгийн Аваргуудын лигийн хагас шигшээгийн сугалаа явагдлаа. Өнгөрсөн жилийн аварга баг Испанийн “Реал Мадрид”, Германы аваргууд болох “Байерн Мюнхен”, Английн “Ливерпуль”, Италийн “АС Рома” багууд тунаж үлдсэн. Тэгвэл сугалаагаар “Реал Мадрид”-“Байерн Мюнхен”-тэй учраа ололцохоор болсон бол “Ливерпуль”-“АС Рома” тунаж үлдлээ.

Реал Мадрид – Байерн Мюнхен

Эзэн хааны “Реал”, Германы аваргуудтай Европын дэвжээнд 24 удаа таарч байв. Хоёр баг тус бүр 11 удаа ялж, хоёр тэнцсэн үзүүлэлттэй. “Реал” өрсөлдөгчийнхөө хаалганд 37 гоол оруулсан бол “Байерн” нэгээр дутуу. Тус хоёр баг өнгөрсөн оны шөвгийн наймд учраа таарахад “Реал” хоёр дараалан ялж байв. Сүүлийн зургаан тоглолтын тавд нь Испанийн баг илүүрхсэн билээ.

Ливерпуль – АС Рома

Өдгөө “Ливерпуль”-д од болон гялалзаж буй Мохамед Сала хоёр жилийн өмнө Италийн “Рома”-д данстай, хоёр жилийн хугацаанд 65 тоглолтод 29 гоол оруулсан амжилт үзүүлж байв. Тус хоёр баг Европын дэвжээнд нийт таван тоглолт хийж, Английн клуб хоёрт нь ялсан бол Италийн баг нэг хожиж, хоёр удаа тэнцсэн үзүүлэлттэй. Аваргуудын лиг гэгдэхээс өмнө “Рома” Европын аваргуудын цомд “Ливерпуль”-тэй таарч, үндсэн цаг 1:1-ээр өндөрлөсөн ч торгуулийн цохилтоор Улаанууд ялсан түүхтэй. Энэ хоёр баг хамгийн сүүлд 2001-02 оны хэсгийн шатанд учраа таарч, эхний тоглолт 0:0-ээр өндөрлөсөн ч хоёр дахь тоглолтод “Ливерпуль” 2:0-ээр өрсөлдөгчөө ялсан билээ.